Амжилтыг мөнгөөр биш цэгцтэй сэтгэлгээгээр бүтээдэг

2023-10-17

Хүн бүр л өөр өөрийн том, бага зорилго тавьж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд байгаа нөөц, боломжоо дайчилж эрвийх дэрвийхээрээ цаг наргүй зүтгэцгээж байна. Зорилго бол хүн өөрийнхөө тодорхой нэг зайлшгүй хэрэгцээг хангах үйл ажиллагааг эрхэлснээр бүтээж бий болгохоор төлөвлөж буй үр дүн мөн.

Энэхүү төлөвлөсөн үр дүнгээ бий болгож чадсан бол тухайн хүний үйл ажиллагааг амжилттай боллоо гэж бид дүгнэдэг. Үр дүнгээ амжилт гэж нэрлэх нь бас бий.  Хүн бүрийн амьдрал нь амжилтыг бүтээх адармаатай, хүнд хэцүү аянуудаас бүрддэг гэлтэй. Нэгэн амжилт бол тухайн агшины тухайн хэрэгцээг хангах нэг л үйл ажиллагааны үр дүн. Харамсалтай нь нэг удаагийн амжилтаар насан туршдаа хооллож, насан туршийнхаа амьдралын хэрэгцээг хангах боломжгүй.

Нэг удаагийн амжилтаар насан туршдаа хооллож, насан туршийнхаа амьдралын хэрэгцээг хангах боломжгүй.

Дараа дараагийн олон хэрэгцээнүүд нь ар араасаа шилээ дагаад гараад л ирдэг. Эдгээр хэрэгцээнүүдийг хангахгүй бол хүн эрүүл мэнд, амь насаараа хохирох нь илт тул хүн бүр л өөрөө хүссэн ч хүсээгүй ч дараа дараагийн зорилгуудаа дэвшүүлж түүнийг хэрэгжүүүлэх үйл ажиллагааг эрхэлдэг. Амжилтыг бүтээх оновчтой арга замыг сонгох, бүтээх нь зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамгийн ярвигтай нь гэж хэлж болно. Гэсэн хэдий боловч тийм аргаа заавал бүтээж байж л хүн өөрийнхөө амин чухал хэрэгцээгээ хангаж чадна. Өөр сонголт бидэнд байхгүй. 

Амжилтыг бүтээх арга замын талаар хүн бүр өөр өөрийн бодолтой, загвартай байдаг ба тодорхой зорилгыг хэрэгжүүлэх хэрэгцээ бий болсон тухай бүрт түүнийгээ баримталдаг. Зарим нь амжилттай нүүр тулж байхад зарим маань бүтэлгүйтэлтэй нүүр тулдаг. Эндээс амжилт руу хөтөлдөг, бүтэлгүйтэл рүү хөтөлдөг ялгаатай замууд байдаг гэдэг дүгнэлтийг хэн ч баттай хийж болно. Олон улсыг, улс нийгмийг  хамарсан аварга том зорилгоос авахуулаад өрхийн бизнес эрхлэх гээд энгийн зорилгуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь зорилгынхоо цар хүрээ, хэлбэр, төрлөөсөө хамаарч мэдлэг, ур чадвар, тоног төхөөрөмж гээд өөр өөр нөөцүүдийг шаарддаг.

Үүний дотор ямар ч түвшний, ямар ч цар хүрээтэй зорилгыг хэрэгжүүлэхэд мөнгө голлох үүрэгтэй гэж үздэг хүмүүс олон бий. 

Зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бол зорилтот өөрчлөлтийг үүсгэхэд чиглэсэн хүний үйл ажиллагаа юм. Ийм үйл ажиллагааг амжилтанд хүргэхийн тулд юуны өмнө үйл ажиллагаа гэдэг ойлголтыг тухайн зорилгыг хэрэгжүүлэгч сайтар ойлгох нь нэн чухал. Хүний үйл ажиллагааг янз бүрийн тоног төхөөрөмжүүд болон багаж хэрэгслэлүүдийн гүйцэтгэдэг үйлдлүүдээс ялгахгүй, хольж хутгахгүй байх хэрэгтэй.

Хүний үйл ажиллагаа нь хүний гүйцэтгэдэг оюуны болон биет үйлдлүүдээс бүрддэг.

Эдгээр үйлдлүүдийг урьдчилан төлөвлөж, цэгцтэй иж бүрэн гүйцэтгэснээр зорьсон хэргээ бүтээх бүрэн боломжтой нь амьдралын олон тохиолдлуудаар нотлогддог. Ийм аргаар зорилгоо амжилттай хэрэгжүүлж чаддаг хүн бидний дунд ч байгаа. Нөгөө талаар зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа бүтэлгүйтэлд хүрэх нь элбэг тохиодог бөгөөд энэхүү бүтэлгүйтлийн үндсэн шалтгаан нь чанар муутай судалгаа болон төлөвлөгөө байдаг ажээ.

Судалгаа болон төлөвлөгөөг сэтгэн бодох үйл ажиллагаа гэхээсээ илүүтэйгээр мэрэгшсэн хүмүүсийн хийдэг тооцоо, шинжилгээний ажил гэж үзэх хандлага Монголд төдийгүй олон улсад нилээд газар авсан байгаа нь судалгаа, төлөвлөгөөг чанар муутай гүйцэтгэх суурь шалтгаан болж байна.

Аливаа зорилгыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хамгийн чухал хэсэг нь уг зорилгыг хэрэгжүүлэх хүмүүсийн гүйцэтгэдэг оюуны үйлдлүүд мөн. Эдгээр үйлдлүүдийг гүйцэтгэхийг бид бодох, сэтгэх гэж нэрлэдэг. Бодох, сэтгэх процесс бол нарийн төвөгтэй, өөрийн тодорхой зүй тогтолтой явагддаг процесс байдаг.Сэтгэх процесс нь хүний өмнө тулгардаг олон янзын асуудлуудыг шийдвэрлэх шийдлийг хөгжүүлэхэд чиглэсэн бодох процесс тул бусад бодох процессуудыг гүйцэтгэхээс илүүтэйгээр эмх цэгц, сахилга баттайгаар гүйцэтгэхийг тухайн хүнээс шаарддаг. Ийм эмх цэгцтэй, хатуу дүрэмд захирагдсан, тодорхой зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сэтгэн бодох чадварыг хүн бүр эзэмших шаардлагатай.

Ийм чадварыг эзэмшихийн тулд сэтгэн бодох процессыг бүрдүүлдэг үйлдлүүдийг, тухайлбал өгөгдөл цуглуулах, тэдгээрийг ангилах, хэмжих, харьцуулах гэх мэтийн үйлдлүүдийг тус бүрд нь алдаагүй гүйцэтгэж сурах нь нэн тустай. Эдгээр үйлдлүүдийг дутуу дулимаг гүйцэтгэсэн эсвэл аль нэгийг нь алгасч хийсэн дүгнэлт, хөгжүүлсэн шийдэл бүр чанар муутай болдог бөгөөд тэрхүү чанарын доголдол нь биднийг эрт орой хэзээ нэгэн цагт заавал бүтэлгүйтэл рүү хөтөлдөг.

Сэтгэн бодох үйлдлүүд нь хүний нүдэнд харагддаггүй, гарт баригддаггүй тул хэн нэгэн хүний сэтгэлгээний хэв маягийг, эмх цэгцийг шууд дүгнэх, үнэлэх, засах боломж ховорхон байдаг. Сэтгэн бодох үйлдлүүдийг хийснээр хүний оюун санаанд ойлголт, бодомж, санаа, дүнэлт, шийдэл гэж бидний нэрлэдэг оюуны загварууд үүсдэг бөгөөд сэтгэн бодох үйлдлүүдийг эмх цэгцтэй, нягт нямбай гүйцэтгэснээр эдгээр оюуны загварууд нь мөн л эмх цэгцтэй, хоорондоо харилцан уялдаатай, логикийн зөрчилдөөнгүй байх болно.

Цэгцтэй сэтгэлгээ нь ирээдүйг төлөвлөхөд төдийгүй өнгөрснийг шинжлэж буруу, зөрүүгээ тунгаахад мөн чухал ач холбогдолтой. Өөрийн болон бусдын алдаа дээрээс суралцах нь хүний ирээдүйгээ төлөвлөх, хэрэгжүүлэх үйл ажиллагааны нэгэн чухал үе шат мөн бөгөөд сэтгэлгээгээ эмх цэгцэнд оруулахгүйгээр алдаан дээрээсээ үнэ цэнтэй сургамж авах боломжгүй. Хүнийг хүрээлэн байгаа орчиныг бүрдүүлдэг юмс, үзэгдлүүдийг танин мэдсэнээр хүний оюун санаанд тухайн юм эсвэл үзэгдлийн ойлголтын төсөөлөл болсон загвар үүсдэг ба хүн тэдгээр загваруудыг хооронд нь хамааруулж, уялдуулах замаар бодол, санаануудыг оюун санаандаа үүсгэдэг.

Тухайн юм эсвэл үзэгдлийн тухай ойлголт нь хэдий чинээ гүн, олон талтай байна тийм ойлголтуудыг ашиглаж үүсгэсэн бодомжууд төдийчинээ үндэслэл сайтай, чанартай байдаг.

Ойлголтуудын төсөөллийн загварыг мөн л сэтгэлгээний цэгцтэй үйлдлүүдийг гүйцэтгэх замаар үүсгэдэг. Ойлголтын төсөөлөл нь тухайн хүний ажиглалтаар олж авсан ихээхэн хэмжээний өгөгдлүүдээр үүссэн олон тооны хэв шинжүүдээс бүрддэг ба тэдгээр хэв шинжүүдийг дотоод ба гадаад хэв шинжүүд гэж ангилдаг. Гадаад хэв шинжүүдийг хүн өөрийн ажиглалтаар үүсгэж болдог бол дотоод хэв шинжүүдийг зөвхөн сэтгэн бодох замаар л танин мэдэх боломжтой. Сэтгэлгээний арга барилыг эзэмшиж чадаагүй хүн нь аливаа юм эсвэл үзэгдлийн дотоод мөн чанарыг танин мэдэж чаддаггүй тул юмс, үзэгдлүүдийг зөвхөн гадаад хэв шинжүүдээр төсөөлдөг байна. Үүнийхээ улмаас өөрийнхөө болон бусдын зорилготой үйл ажиллагаанд ихээхэн асуудлуудыг үүсгэдэг.

Аливаа хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь маш олон тооны юмс, үзэгдлүүдийг хооронд нь уялдуулах, хамааруулах, байгалийн болон нийгмийн хүчин зүйлүүдийн нөлөөллийг тооцоолох  үйлдлүүдээс бүрддэг тул тухайн төсөлд оролцогч талуудын сэтгэлгээний хэв маяг, эмх цэгц их чухал чадварт тооцогддог. Ийм учраас хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг амжилттай эрхлэх үйл ажиллагааны бэлтгэлийг тухайн хүн сэтгэлгээгээ цэгцлэх, сэтгэлийн хөдөлгөөнөө удирдаж сурахаас эхлэх нь зүйтэй.