Аз жаргалыг юунаас мэдэрч буйгаа танин мэд

8/16/2021 4:09 PM

Аз жаргал гэж чухам юу болохыг дэлхий даяар хүлээн зөвшөөрсөн нэгдмэл ойлголт гэж байхгүй. Хувь хүний туулж өнгөрүүлсэн амьдрал, нийгмийн үнэт зүйл, туршлагаас ихээхэн хамаардаг. Тиймээс хүн бүрийн хувьд аз жаргалыг өөр өөр зүйлүүдээс мэдэрдэг нь жам ёсны үзэгдэл юм. Гэхдээ нэг зорилгын төлөө явж байгаа хүмүүс аз жаргалын талаар өөр үзэл бодолтой байж болохгүй. Иймд ойлголтын зөрүүгээ арилгаж, нэгдмэл нэг зорилгын төлөө хичээх нь зүйтэй.

#1 Юунаас аз жаргал мэдэрч буйгаа танин мэд

Аз жаргалыг ойлгохын тулд өөрийгөө юунаас баясал таашаал мэдэрдэг вэ гэдгийг таньж мэдэх хэрэгтэй. Өөрийгөө болоод эргэн тойрны хүмүүсээ ямар үед, ямар үйлдэл хийсний дараа жаргалтай болж буйг ажигла.

#2 Аз жаргалаа танин мэдэхийн тулд эхлээд суурь хэрэгцээгээ ойлго

Хүн амьд байх цаашлаад амьдрахын тулд тодорхой нөхцөл шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй. Хүний нас, хүйс, нийгэмд эзлэх байр сууриас үл хамааран хүнд 9 суурь хэрэгцээ байдаг. Энэ нь хүнийг төрөхөөс үхэх хүртэл аливаа үйлдлийг хийхийг сэдэлжүүлж байдаг зүйл юм шүү дээ. Эдгээр нь:

Амжиргаа - Хоол хүнс, хувцас, байр орон

Ойлгон танин мэдэх - Хүн ямар арга замаар хоолоо олж идэхээ ойлгох хэрэгтэй

Эрүүл байх- Ямар аргаа гэдгээ сэтгэн бодохын тулд хүн өөрөө эрүүл байх хэрэгтэй

#3 Хэрэгцээгээ ямар арга замаар хангах вэ гэдгээ сонго

Суурь хэрэгцээгээ тогтвортой хангахын тулд ямар мэргэжилтэй болж, ямар ажил хийх зэрэг арга замаа сонгох ёстой. Үүнийг бид амьдралын ЗОРИЛГО гэдэг. Энэхүү аргаа оновчтой олсон бол хүн өөрийгөө нийгмийн эд эс мэт мэдэрдэг. Бусдад үнэ цэнэтэй зүйл бүтээгээд тус болж чадвал хүн сэтгэлийн ханамжтай байдаг. Мөн өмнө нь дурьдсан суурь хэрэгцээнээс бүтээх хэрэгцээ ихээхэн онцлог. Машин, техник зэрэг материаллаг зүйлээс илүүтэй хүнд хэрэгтэй мэдлэг, шийдэл, аргазүй бүтээж чадвал хүн аз жаргалтай байдаг. Хүнд хэрэгтэй зүйл бүтээх юм сан гэж бодох нь хүсэл бол түүнийг бодит байдал болгохоор төлөвлөж буй нь зорилго болно. Мөнгө эсвэл албан тушаалтай бол аз жаргалтай байна гэдэг ойлголт нь бидэнд тохиолдоод буй нийтлэг сэтгэлгээний доголдол. Хүний суурь 9 хэрэгцээний 2 нь л материаллаг, бусад нь оюун санааны хэрэгцээ байдгийг санахад илүүдэхгүй.

#4 Зорилгоо хэмжих хэрэгтэй

Бидний дунд зовж эсвэл жаргаж байгаагаа мэдэхгүй хүн ч явж болно. Энэ бол зорилго, үр дүнгээ нарийн хэмждэггүй учраас юу болоод байгааг ойлгохгүй байна гэсэн үг. Сайхан зорилготой ч буруу аргаар хэрэгжүүлж байж болно. Тиймээс энэхүү арга тодорхой, бусдад гэм хор учруулахгүй байх ёстой гэдгийг санаарай. Мөрөөдлөө зорилго болгохын тулд нөөц боломжуудаа тултал нь ашиглах хэрэгтэй болно. Эдгээр нь цаг хугацаа, мэдлэг, мөнгө юм. Нэг хүнд байгаа нөөц боломж бусдад нь байдаггүй. Тиймээс хүмүүс хоорондоо нөөцөө солилцох замаар хамтарч ажиллаж байдаг. Ийнхүү хамтарч нэгдсэн нэг зорилгод хүрэхийн тулд төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Хүмүүс төлөвлөгөө гэхээр хэрэгтэй зүйлсээ жагсааж хүснэгтлэнэ гээд ойлгочихдог. Үнэндээ энэ бол маш өргөн цар хүрээг хамарсан оюуны үйлдэл буюу сэтгэн бодох үйл явцыг хэлж буй юм.

#5 Мэдлэг сэтгэлгээгээ цэгцлэхээс эхэлнэ

Ойрын жижиг зорилгоос эхлээд хэтийн зорилгодоо хүрэхэд хамгийн чухал нөлөөтэй зүйл нь бидний сэтгэлгээний эмх цэгц. Хүн төрөлхтөн олон сая жилийн турш хэцүү бэрхийг туулж байж олсон зүйл бол сэтгэн бодох чадвар юм. Эхээс төрсөн нярай хүртэл бодож, сэтгэж чадна. Гагцхүү бодлоо эмх цэгцтэй хөгжүүлэх нь чухал болоод байна. Хүнээс үг сонсох, ном унших, юмсыг үзэж харж байгаа нь мэдээлэл цуглуулж байгаа хэрэг. Үүнийгээ үргэлжлүүлэн тунгаан бодож, эргэцүүлбэл мэдлэг болгож чадна. Товчхондоо мэдлэг нь бодох, сэтгэх үйл явцын үр дүн байх ёстой. Хэн нэгэн ухаантан, эрдэмтэн мэргэнээр нэг хэлүүлээд л, эсвэл хөндлөнгөөс хараад сурчихдаггүй гэдгийг сана.

#6 Бурууг үзэхгүйгээр зөвийг танихгүй

Цэгцтэй сэтгэх дадалд хүүхдийг аль болох багаас нь дасгах хэрэгтэй. Өөрөө мэдээллийг эрж хайдаг, тухайн мэдээллээ шалгаж сурах ёстой. Энэ хүний хэлсэн үг үнэн үү, худал уу гэдгийг дэнсэлж сурах нь насан туршдаа хэрэглэх зэвсгээ өөрийн болгож байна гэсэн үг. Хүүхэд үг биш үйлдлийг дуурайдаг. Тиймээс эцэг эхчүүд өөрсдөө мэдэхгүй байж мэдэмхийрч, нэрэлхэж үл болно. Харин ч хамтдаа суралцаад, эрж хайгаад мэдэхгүйгээ мэддэг болох нь зөв гэдгийг хүүхдэдээ ойлгуулвал зохистой. Нөгөөтэйгүүр буруу гэж чухам юу болохыг танилгүйгээр зөв зүйлсийг ялгаж чадахгүй шүү дээ. Өөрөө оролдож байж, алдаж байж “Аан, энэ чинь болдоггүй юм байна, буруу юм байна” гэж мэдэрнэ. Мэдэрч байж л тэрхүү мэдээлэл мэдлэг болж толгойд нь үлдэнэ шүү дээ. Дандаа шулуун замаар явсаар энэ хорвоог дуусгана гэж үгүй. Амьдрал гэдэг чинь хатуу “боорцог”. Нэг л өдөр жалга руу өнхрөөд орохыг таашгүй. Хэн ч байсан тэр нүхнээс гарах аргыг өөрөө л бодож, олж даван гарна. Хэрвээ ээж аав нь хүүхдээ багаас нь мөнхийн дэргэд нь байх юм шиг бодож, эвийлээд байвал юу болох нь ойлгомжтой шүү дээ. Тэр хүүхдэд өөрийн гэсэн бодох чадвар суухгүй, амьдарч чадахгүй л гэсэн үг.