Сократус Стартап Студио орон нутгийн гарааны компанид хөрөнгө орууллаа

2023-09-07

Ховд аймгийн Техник коллежид багшилдаг түүнийг Ж.Хотолбаяр гэдэг. Ажлынхаа хажуугаар хог хаягдлыг боловсруулах судалгаа хийдэг тэрээр малын арьс, эвэр туурай зэргийг боловсруулж бордоо, сайжруулсан хөрс хийх инновацийн шийдлээрээ Сократус Стартап Студиогоос 218 сая төгрөгийн үнэлгээ бүхий хөрөнгө оруулалт аваад байгаа юм. Түүнтэй хөрөнгө оруулалт болон бизнесийн шийдлийн талаар ярилцлаа.

Гарааны бизнесээ эхлүүлэх санаагаа юунаас авсан бэ?

Би Ховд аймгийн Зэрэг сумынх. Манай нутагт борооны үүл гарахаар наад талын Дарви эсвэл Чандмань, Манхан суманд л орчихдог. Зэрэг сумыг л тойроод бороо ороод байхаар гайхаад шалтгааныг нь судалж үзсэн чинь сонирхолтой үр дүн гарсан. Манай сум мод цөөтэй, байгаа хэдийнх нь насжилт дууссантай холбоотой юм билээ. Гэтэл эргэн тойрны сумд модлог ургамалтай. Мэдээж модтой газар агаараас чийг татаж аваад бороо ороод байсныг олж мэдсэн. Үүнээс үүдэн нутагтаа мод тарих гэж хөрсийг нь үзтэл бэлчээр талхагдал ихтэй. Ингээд л хөрсийг нь бордох арга замыг хайсан юм.

Ер нь цөлжилт нэмэгджээ, багад морьтой хүн далд ордог байсан дэрс түнг одоо өвдөг татахаар л намхан болжээ. Жимс түүж иддэг байсан газар гэхэд элсэн толгодоор солигдсон. Бас л хөрсний талхагдалт, цөлжилтийн үр нөлөө. Хуучны хөгшчүүд энэ уулын энгэр битүү харганатай байсан гээд л ярьдаг юм.Энэ бүх эмзэглэл, санаа сэдлээр сайжруулсан хөрс, бордоо гаргаж, мод тарьж үзэж үр дүнгээ үзсэн. 2015 онд ЖДҮ-ийн бизнес эрхлэхээр шалгаруулалтад орсон ч банкны шалгуур хангаж зээл авч чадаагүй. Тэр компаниа хаячихгүйгээр хог хаягдлыг боловсруулах судалгаагаа хийсээр байсан юм.

Бид эх дэлхийдээ ээлтэй байхын тулд органик зүйл хэрэглэхээс өөр сонголт яваандаа үлдэхгүй.

Яагаад заавал "Сократус Студио"-н шалгаруулалтад орохоор шийдсэн бэ?

Санаа байсан ч шууд эхэлчихээгүй. Мэргэжлийн байгууллагуудыг хайж байгаад "Сократус Студио" ХХК-ийн шалгаруулалтыг олж мэдсэн. Сократусын хөтөлбөр, хамтын ажиллагааны зарчим нь маш их таалагдсан, яг л миний явах зам чигийг заасан газар. Ийм учраас шалгаруулалтад л заавал орж тэнцэх ёстой гээд зүтгэсэн дээ. Анх 2020 оны хавар эхний байдлаар танилцуулгаа илгээж эхний шатанд тэнцсэн. Харин дараагийн шатанд тэнцээгүй. Учир нь би том үйлдвэр байгуулах тухай, мөнгөний асуудлаа шийдчихвэл боллоо гэж бодож байсан минь алдаа байсан.

Дараа нь Д.Жаргалсайхан захирлын цэгцтэй сэтгэлгээний сургалт, Сократусын Б.Мөнхцог захирлын ярилцлага, яриануудыг нэлээд уншиж судаллаа. Сонсож судлаад хөрөнгө оруулагчид юунаас хамгийн их айдаг, тэр айдсыг би хэрхэн арилгаж болох талаар танин мэдсэн.

Ингээд энэ удаа дахин орж эхлэлийн хөрөнгө оруулалт авсандаа баяртай байна. Энэ хөрөнгө оруулалтаараа бүтээгдэхүүнийхээ шийдлийг нотлогдсон өгөгдөл дээр суурилж баталгаажуулах, компанийхаа үйл ажиллагааг цэгцлэх ажлыг хийнэ. Яваандаа эх орны хөрсөнд ургасан ногоо үндсэн шимт чанараа хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулна гэж итгэдэг.

Таны бизнес бусад гарааны бизнес эрхлэгчдээс юугаараа давуу талтай гэж бодож байна вэ?

Уул уурхай, байгалийн гаралтай түүхий эд ашиглаж байгаа бол нөөц нь шавхагдах магадлалтай шүү дээ. Жишээ нь сайжруулсан хөрс хийдэг компаниуд уулнаас хөвд, перлит зэрэг ашиглаж байгаа нь шавхагддаг нөөцөө л ашиглаж байна гэсэн үг. Мөн гаднаас жилд хэдэн мянган тонн химийн гаралтай бордоо орж ирж байна.

Манайх зөвхөн хүмүүсийн гаргаж буй байгаль дээр хаядаг органик хог хаягдлыг боловсруулдаг учраас нөөц нь шавхагдахгүй.

Хятадаас оруулж ирдэг химийн гаралтай азотын бордооны зааврыг гэхэд орон нутгийнхан тэр бүр ойлгохгүй. Нэгнээсээ яаж хэрэглэв гэж асуугаад л ам дамжсан баримжаагаар хэрэглэж байна шүү дээ. Гэтэл нөгөө хүн нь яг зөв стандартаар хэрэглэсэн эсэх нь эргэлзээтэй. Ингээд л баримжаагаар хэрэглэсэн бордооноос болоод орон нутагт, эх орны хөрсөнд ургамал хүнсний ногоо хадгалалт даах чадваргүй, үндсэн чанараа алдаад байна шүү дээ.

Дэлхий дахин тэр чигээрээ минималист, эх дэлхийдээ ээлтэй байдлыг чухалчилж байна. Тэгэхээр таны санал болгож буй бүтээгдэхүүнд юу агуулагдах вэ?

Малын яс, эвэр, туурай, адууны хомоол зэргийг боловсруулаад био ялзмаг гаргаад авчихдаг. Сайжруулсан хөрсөө эхнээсээ Улаанбаатарын хэрэглэгчдэд хүргээд эхэлчихсэн. Хэрэглэсэн хүмүүс ам сайтай байгаад талархаж байна. Миний багшилдаг коллеж дэргэдээ дөрвөн улирлын хүлэмжтэй, тариалалт хийхдээ ашигласан.Энгийн бордоотой хөрсөн дээр тарьснаас ч илүү том навчтай бас, өндөр ургаж байгаа нь ажиглагдсан.

Цаашдаа анхаарч сайжруулах зүйл олон бий. Бид эх дэлхийдээ ээлтэй байхын тулд органик зүйл хэрэглэхээс өөр сонголт яваандаа үлдэхгүй байх. Манай улс оронд энэ боломж нь хангалттай их бий.

Жил бүр тарьсан нэртэй ч олноороо хатаж үхдэг модны асуудлыг энэ бордоо шийдэж чадах уу?

Манай аймагт арван мянган модны төгөл гэж бий. Миний мэдэхээр 4-5 жил мод тарьж байна. Аминдаа услаад байдаг ч нэг л сайн ургаж өгдөггүй. Мод тарихаасаа өмнө байгаль орчных нь нөхцөл байдлыг судалж үзэх нь маш чухал. Түүнээс биш сэтгэл хөдлөлөөр дуртай газраа тарьчихаж болохгүй. Тарьлаа гэхэд хөрснийг нь зөв бордож сайжруулах тал дээр анхаараасай гэж хүсдэг. Монгол хөрсөнд гадаадын химийн гаралтай бордоо биш монгол малын гаралтай бордоо зохицож шим тэжээлээ өгч чадна. Бордоогоо цаашид хавар тариалалтын үеэр л үйлдвэрлэнэ. Энд тэнд уул уурхайн компаниуд ухаж байгаад үлдээсэн газруудыг ногоон диваажин болгохыг мөрөөддөг хүн дээ.

Таны бордооны бизнес орон нутгийн иргэдийн хог хаягдалд хандах хандлагыг өөрчилж чадах болов уу?

Яваандаа энэ ажил бизнес маань цэгцрээд ирвэл хүмүүс мөлжсөн ясаа хаяхын оронд “Өнөө нэг яс тушаадаг газар өгнө өө” гээд уутанд хийж хадгалдаг болно. Үүнийгээ дагаад тухайн айлын санхүүд бага ч гэсэн нэмэр болно. Хог хаягдлаа ангилсан ч боловсруулах үйлдвэргүй учраас нэг газар хаягдаж байгаа нь асуудал юм. Иймээс орон нутагт боловсруулах үйлдвэрийг олноор байгуулах хэрэгцээ шаардлага байна. Энэ чиглэлээр иргэд, олон нийтэд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөд зориулсан шинжлэх ухааны үндэслэлтэй гарын авлага ч дутмаг юм.

Хэтийн зорилгоосоо хуваалцвал?

Монголоор овоглосон сайжруулсан хөрс, бордоог олон улсын зах зээлд гаргахыг зорьж байна.

Хамтын ажиллагаанаасаа та юу хүлээж байна вэ?

Яг үнэндээ энэ чиглэлээр сонирхож судалж олон ч сургалтад хамрагдаж, янз бүрийн хүнтэй уулзсан. Ерөөсөө зорилгоосоо эхлээд л бизнес загварыг маш цэгцтэйгээр ойлгуулж байна. Нарийн учир зүйн холбоосыг гаргаж, шалтгааныг нь олж бизнесийг системчилсэн нь маш их таалагдсан. Би будилаад байхгүйгээр тэрхүү аргачлалыг ойлгож толгойндоо хийх ёстой юм байна.

Алдаа доголдлыг хүртэл өөрөө олж хараад урагшлах боломжийг хүртэл олж харчихдаг гээд давуу тал олонтой.Мориор бол жолоо цулбуурыг нь атгачихлаа. Хоёр жилийн дараа гэхэд бизнесийнхээ мориндоо мордчихсон байна гэдэгт бат итгэлтэй байна.

Бид Зүүн Азийн орнуудын гарааны компаниудын дунд питч хийхээр төлөвлөөд байна.

"Сократус Студио" ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцогоос тодруулга ойрын үед зохион байгуулагдах арга хэмжээ, цаашид зохион байгуулагдах сонгон шалгаруулалтын талаар тодрууллаа.

Сайн байна уу? Ойрын үед гарааны бизнесүүдэд ээлтэй ямар арга хэмжээ зохион байгуулж байна вэ?

Биднээр сонин сайхан ихтэй байна. Хөтөлбөрт хамрагдсан гарааны бизнесүүдэд хөрөнгө оруулалтын саналууд ирээд тэр болгонд үнэлгээ хийх хамтын ажиллагааны хувилбар боловсруулах ажлууд ар араасаа ундарч эхэлж байна. Мөн хөдөө орон нутгийн гарааны компанийг хөтөлбөртөө хамруулах зарим нэг дутуу шийдлүүдээ угсарч дуусаад энэ удаад Ховд аймагт сайжруулсан хөрс, бордоо үйлдвэрлэх инновацийн төсөлтэй хамтын ажиллагаа эхлүүлж байна. Өнөөдөр 2021 оны эхний элсэлтийн сонгон шалгаруулалтаа хийж байна.

Танайх чинь байгуулагдаад 3 жил болж байна. Танай хөтөлбөрт 10-аад компани хамрагдсан байгаа байхаа. Тэдний өсөлт хөгжил хэр байна вэ?

Үр дүнгээ өмнө дурдчихлаа даа. Гарааны компаниудад хөрөнгө оруулалтын саналууд ирж байна гээд. Эндээс харахад Сократусын хөтөлбөрийн зорилго биелж байна. Үнэ цэнийг бүтээж чадаж байна гэж дүгнэж байна.Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчдын айдсыг арилгаж байна гэсэн үг л дээ.Энэ л гарааны компанид хамгийн хамгийн эхэнд хийх ажил байхгүй юу. Шууд хөрөнгө оруулалт татах гэж үзээд бүтэхгүй байна. Монголд хөрөнгө оруулагчид алга гэж дүгнэх нь өрөөсгөл юм. Хөрөнгө оруулагчид юунаас хамгийн их айдаг, яагаад миний бизнест хөрөнгө оруулахаас татгалзаж байна вэ гэдгийг өөрөөсөө хайх хэрэгтэй байгаа юм.

Энэ жилийн хувьд танайх хэдэн удаа сонгон шалгаруулалт явуулах вэ? Хэдэн гарааны компанид хөрөнгө оруулах вэ?

Энэ жилийн хувьд дотоодын гарааны компаниудад улиралд 1 удаа буюу нийт 4 удаагийн сонгон шалгаруулалт хийнэ. Мөн гадаадын зах зээлд шууд үйл ажиллагаагаа эрхлэх Монгол энтерпрейнерүүдийн дунд сонгон шалгаруулалт хийж хөтөлбөрт элсүүлнэ. Намар Зүүн Азийн орнуудын гарааны компаниудын дунд питч хийхээр төлөвлөөд байна.Энд дурьдахад бид Startup world cup гээд 1 сая ам.долларын шагналын сантай гарааны бизнесүүдийн тэмцээний Монгол дахь дотоодын зохион байгуулалтад хамтрагч, спонсороор оролцож байна. Тус тэмцээний бүртгэл зарлагдсан байгаа. Стартап компаниуд оролцож олон улсын шүүгч, хөрөнгө оруулагчдаар шийдлээ нэг үнэлүүлээд үзэх нь давуу талтай байх болов уу.