Гарааны бизнес эрхлэгчдийн бизнес санааны танилцуулга арга хэмжээ боллоо

2023-09-07

2019 оны 4 сарын 17,18-ны өдрүүдэд "Сократус Старт-ап Студио"-гийн гарааны бизнес, бизнес санааг бойжуулах хөтөлбөрт элсэх сонгон шалгаруулалт “PITCH DAY” боллоо.

Энэхүү “PITCH DAY”-д хөдөө аж ахуй, боловсрол, анагаах ухаан, медиа, үйлчилгээний салбаруудад мэдээллийн технологийг ашиглан харьцангуй давуу тал бүхий шийдлийг боловсруулсан 14 гарааны бизнес эрхлэгч, бизнес санаачлагчид сонгон шалгаруулалтад оролцлоо.

Тэд “ЦЭГЦТЭЙ СЭТГЭЖ, СИСТЕМТЭЙГЭЭР ГҮЙЦЭТГЭЖ БИЗНЕСИЙН СИСТЕМИЙГ ХАМТРАН БҮТЭЭЕ!” уриатай "PITCH DAY" нь улирал тутам тодорхой салбаруудын хүрээнд тогтмол зохион байгуулагдах бөгөөд "Сократус Старт-ап Студио” бизнес инкубатор одоогоор гарааны хоёр компанийг бойжуулах хөтөлбөртөө элсүүлж, эхлэлийн хөрөнгө оруулалтыг хийжээ. Тус компаниуд хөтөлбөрийнхөө эхний шатыг амжилттай төгсөөд байгаа.

Гарааны бизнес эрхлэгч, бизнес санаачлагчид маань эхний ээлжинд сонгон шалгаруулалтад оролцдог. "Сократус Старт-ап Студио"-гоос бизнес санааны шийдлийн харьцангуй давуу талыг гол шалгуур болгодог байна. Тус компаниас гарааны бизнес эрхлэгчид, бизнес санаачлагч нарт зориулсан "Санаагаа цэгцтэй системтэйгээр үнэ цэнтэй концепц болгох арга зам сургалт"-ыг сар тутам үнэ төлбөргүй зохион байгуулдаг байна.

Тус сургалтаар бизнес санааны шийдлийн харьцангуй давуу талаа хэрхэн тодорхойлох, бизнес санааныхаа оюуны загварыг хэрхэн гаргах, хөрөнгө оруулагч нар гарааны бизнесийн юуг нь харж, үнэлж хөрөнгө оруулдаг болон тэдний бойжуулах хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл, мэдлэгийг олж авах боломжтой.Сонгон шалгаруулалтад тэнцсэн гарааны бизнес, бизнес санаачлагч нь "Сократус Студио"-гийн боловсруулсан bizStep-Up, iStep-Up хоёр хөтөлбөрт хамрагдаж, мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр 200 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг авах боломжтой болно.

“Мөнгөн хөрөнгө оруулалт гэхээсээ илүүтэйгээр бойжуулах хөтөлбөрөөр гарааны бизнесийг зорилгоо хэрэгжүүлж чаддаг хэвийн үйл ажиллагаатай бизнесийн систем болгох нь гарааны бизнесүүдэд хамгийн том давуу талыг бүрдүүлж өгч байгаа юм.

Дижитал үйлчилгээний хүртээмж өсөж байгаа нь олон улсад апп эдийн засгийн үнэлгээг нэмэгдүүлсээр байна. Дотоодод дата хэрэглэгчдийн тоо 2.8 сая, нийгмийн сүлжээний идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.3 саяд хүрсэн нь манайд энэ төрлийн зах зээл цаашид улам ч эрчимтэй өснө гэсэн хүлээлтийг үүсгээд байгаа билээ. Залуус ч гэсэн энэ өдөр энэ чиглэлд олон сонирхолтой санааг танилцуулсан юм.