Чатбот: Холыг ойртуулж, олныг холбоно

2023-09-07

Хөвсгөл аймгийн Мөрөн хотын оршин суугч, хүүхдийн живх гэрээр хүргэдэг нэгэн залуу хэдхэн сарын өмнө 100 хүрэхгүй үйлчлүүлэгчтэй байсан бол өөрийн бичил бизнестээ чатбот ашиглаж эхэлснээр өдгөө 300 гаруй харилцагчтай болж чаджээ. Тэр бизнесээ өргөжүүлж, үйл ажиллагаагаа автоматжуулсан учраас захиалга авахдаа хэрэглэгч нэг бүртэй биечлэн харилцах шаардлагагүй болж цаг болон зардлаа давхар хэмнэж эхэлсэн юм. Харин тэрхүү хэмнэсэн нөөцөө бүтээгдэхүүний нэр төрлөө олшруулж, ажлын байр бий болгоход зориулжээ.

Мөрөн хотоос 700 орчим км-ийн зайд орших Улаанбаатарт ирвэл чатботын хэрэглээ бүр ч эрчимтэй өрнөж, өсөж байгааг та харах болно. Тухайлбал, саяхан нээгдсэн TechStore дэлгүүр чатбот ашиглан ердөө хоёр долоо хоногийн дотор 240 гаруй сая төгрөгийн борлуулалт хийжээ. Асар өндөр захиалга авч чадсан Хятадын Xiaomi брэндийн шинэ загварын тэдгээр гар утсыг уламжлалт аргаар худалдах гэж оролдсон бол ийм үр дүнд хүрч чадахгүй байсан нь мэдээж.

Энэ бүх боломжийг хиймэл оюун, блокчэйн технологийг ашиглан бүтээгдэхүүн, үйлчилгээ хөгжүүлж буй “Андууд Лаб” компани бий болгожээ. Хиймэл оюун гэхээр амьдралд хэзээ ч нэвтрэшгүй ирээдүйн зүйл мэтээр хүлээн авдаг тэр л ойлголтыг тэд газарт буулгаж, өдөр тутмын амьдралд авчраад буй нь энэ.

Өнгөрсөн зургадугаар сард “Андууд Лаб”-ынхан “Чатбот.мн” платформоо Монголын зах зээлд танилцуулснаас хойш өнөөдрийг хүртэл 1500 орчим байгууллага ашиглаж, 1082 гаруй чатбот үүсгээд байгаа ба нийт 350 мянган хэрэглэгч энэхүү платформоор дамжуулан байгууллагуудтай холбогдож байна. “Чатбот ашиглах боломж хүн бүрт нээлттэй байх ёстой гэж бид үзсэн учраас уг платформыг хөгжүүлсэн. Өнгөрсөн хугацаанд үзүүлсэн бидний хурд маш өндөр өсөлтийг харуулж байгаа” хэмээн “Чатбот”* компанийн гүйцэтгэх захирал Ч.Энхчулуун онцлов. (*”Чатбот” компани нь “Андууд Лаб”-ын охин компани ба “Чатбот.мн” платформын үйлчилгээ үзүүлэгч юм)

Энэхүү өндөр өсөлтөд нөлөөлсөн гол хүчин зүйл нь бизнес эрхлэгчдэд чатбот ашиглан шууд борлуулалт хийх боломж олгосонд оршиж буй. Most Money, Qpay, SocialPay зэрэг төлбөрийн систем, НӨАТ-ын системд холбогдсон учраас хэрэглэгчид олон дахин үйлдэл хийлгүйгээр хаанаас ч, хэзээ ч хүссэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ авах боломжтой болжээ. Маш энгийн хэрнээ үр дүнтэй шийдэл. Мөн “Чатбот.мн” монгол хэл ойлгодог учраас кирилл, латинаар хольж бичихэд ч таньж чаддагаараа Монголын зах зээлд нэвтэрсэн чатбот үйлчилгээ үзүүлэгч Chatfuеl, ManyChat зэрэг гаднын платформоос ялгарч буй.

Технологи бол хөгжлийн хурдасгуур гэдэг нь нэгэнт тодорхой болсон өнөө цагт мэдээллийн технологиос бусад салбар дахь чатботын эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

“Бусад платформ тухайн хэрэглэгчийн оруулсан түлхүүр үгийг боловсруулж хариулдаг бол бидний хөгжүүлсэн хиймэл оюун утга, контекст буюу асуултын зорилгод суурилж хариулдаг. Мөн дотоодын төлбөр тооцооны системүүдтэй интеграци сайн хийгдэж байна. Дээр нь манай платформ үнийн хувьд гаднын платформуудаас харьцангуй хямд” хэмээн “Андууд Лаб” компанийн хамтран үүсгэн байгуулагч С.Тэмүүжин онцоллоо.

Дотоодын зах зээлд 60 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж буй нь тэдний хувьд бүтээгдэхүүнээ хөгжүүлж, тэлэх хангалттай орон зай төдийгүй гол сорилт болоод байна. Байгууллагууд дундаас онгоцны билет захиалгын, даатгалын компаниуд болон банкууд энэ төрлийн технологийн ач холбогдлыг соргогоор мэдэрч чатботын анхны хэрэглэгчид болж буй. Тухайлбал, “Миг”, “Мандал”, “Нэйшнл Лайф”, “Хаан” зэрэг даатгалын компани, “Голомт”, “Капитрон”, “Хас” банк болон “Таванбогд” групп компаниудыг нэрлэж болно. Эдний дундаас “Миг даатгал” гэхэд л бүх үйлчилгээгээ автоматжуулж, чатботтой болох алхмыг сонгосноор операторын үйлчилгээний зардлаа 50 орчим хувиар бууруулсан туршлага бий.

Мөн технологи бол хөгжлийн хурдасгуур гэдэг нь нэгэнт тодорхой болсон өнөө цагт мэдээллийн технологиос бусад салбар дахь чатботын эрэлт хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа юм.

Энэ бүхнийг “Андууд Лаб”-ын хамт олон хөдөлмөрийн харилцаа, хууль эрхзүйн зөвлөгөө өгөх MDS KhanLex хуулийн фирмийн iGeree.mn чатбот, эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгөх MendMN чатбот, НҮБ-аас санаачлан хэрэгжүүлж буй өсвөр насны охидод нөхөн үржихүй, бэлгийн боловсролын талаар мэдлэг, мэдээлэл өгөх зорилготой “Мандухай” чатботын төслүүд дээр хамтран ажиллаж байгаагаас энэ бүхнийг харж болно. Нэг ёсондоо хэрэглэгчид үйлчилгээ авахдаа заавал өөрийн биеэр аль нэг салбарт очих шаардлагагүй болсон нь олон талын ач холбогдлыг бий болгоод байна.

Дээр нь чатбот хэмээх хиймэл оюунт туслахынхаа цуглуулж өгсөн датаг ашиглан оновчтой шийдвэр гаргаж, улмаар бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулах боломж бүрддэг томоохон давуу талтай. Гол нь тэрхүү датаг хамгийн оновчтой, нарийвчлалтай, харилцан мэдээлэл солилцох замаар маш хурдтай цуглуулж өгдөг хэрэгсэл бол зөвхөн чатбот.

Энэ бүгдийг өгүүлсний дараа ч гэсэн “Яагаад заавал чатбот гэж?” гэсэн асуулт танд төрж болох юм. Сүүлийн үеийн судалгаагаар нэг хүн дунджаар 30-аад төрлийн аппликэйшн ашигладгаас өдөр тутам, хамгийн өндөр давтамжтай ашигладгаар мессенжер аппууд тодроод байгаа. Үүнтэй холбоотой Facebook, WeChat, WhatsApp, Viber, Telegram зэрэг аппуудыг санахад л хангалттай. Мөн та өөрийнхөө эсвэл эргэн тойрныхоо хэн нэгний мессенжер хэрэглээг бодоод үзэхэд л энэ бүхэн дэндүү ойлгомжтой болох юм. “Бизнесүүд өөрийн гэсэн аппликэйшн хөгжүүлж, хэрэглэгчдэдээ хүргэлээ ч түүнийг ашигладаг хүн ховор болчихоод байгаа учраас мессенжерт суурилах нь хамгийн үр дүнтэй. Тиймээс чатботын хэрэглээ дэлхий даяар өндөр байна. Хэрэглэгчид хаана байна тэнд очих нь л чухал. Аливаа бизнес хэрэглэгчээ дагаж явдаг” хэмээн “Андууд Лаб”-ын CEO, хамтран үүсгэн байгуулагч М.Эрхэмбаатар энэ талаар тайлбарлаж байна.

Математикийн улсын олимпиадад мөр зэрэгцэн оролцож явсан өрсөлдөгчид ирээдүйд хамтрагчид болно гэж тухайн үед төсөөлөөгүй байсан нь мэдээж. “Андууд Лаб”-ын үүсгэн байгуулагч таван залуу Өвөрхангай аймагт зохион байгуулагдсан математикийн олимпиадад аймаг, нийслэлээ төлөөлөн оролцож явсан цаг тэртээ 1997 онд. Харин үүнээс хэдэн жилийн дараа Мэдээллийн технологийн үндэсний паркт гарааны бизнест зориулсан инкубатор хөтөлбөр анх зарлагдахад тэд эргэн уулзалдаж, хамтарч ажиллах тохиол бүрджээ. Мэдээллийн технологийн чиглэлээр гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн инженер залуус 2017 оныг хүртэл олон бизнес эхлүүлж, туршиж, алдаж онож, тус тусын замыг хөөж явсан ч бүгд мэргэжлээрээ ажиллаж ирсэн төдийгүй “Андууд Лаб”-ын дор дахин нэгдэж, Монголд цаашлаад гаднын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн, үйлчилгээг бүтээхээр сэтгэл шулууджээ.

Ирээдүйг товчилно

“Чатбот.мн”-ын залуус дотоодын зах зээлд 1-2 сая хэрэглэгчтэй болно гэж төсөөлж буй. Хэрэглэгчийн тоо нэмэгдэх тусам чатбот болон хэрэглэгчийн хооронд үүсэж буй яриа өдрөөс өдөрт баяжиж, өгөгдлийн бааз нь улам тэлж томорно гэсэн үг. Үүнийг дагаад “Чатбот.мн”-ы ард ажиллаж буй хиймэл оюуны таних чадвар улам сайжирч, илүү ухаалаг болсоор байх юм. Гэхдээ залуус бүтээгдэхүүнээ зөвхөн дотоодын зах зээлээр хязгаарлалгүй гаднын зах зээлд ч мөн гаргахаар төлөвлөж байна. Тэд дараагийн алхмаа хэдийнэ хэрэгжүүлээд эхэлжээ.

Аравдугаар сард Монголоос iHotel, Erxes, MendMN тэргүүтэй технологийн таван компани “Mongolian Startup Showcase 2019” арга хэмжээнд оролцохоор Сингапурыг зорьсны дотор “Андууд Лаб”-ынхан ч багтсан байв. Азийн хөрөнгө оруулагчдад компаниа танилцуулах энэхүү арга хэмжээнд оролцохдоо тэд монголчуудын нөөц бололцоо, өрсөлдөх чадвар, хэрэглэгчдийн хандлагыг ажиглаж, тэнд зах зээл байгаа эсэхийг судалж үзжээ. Үүнийхээ үр дүнд Сингапур дахь чатботууд маш энгийн асуултуудад л хариулах түвшинд ажилладаг буюу хиймэл оюун тэнд хангалттай хөгжөөгүйг анзаарсан байна. Энэ бүхэн “Андууд Лаб” компани Сингапур руу зах зээлээ тэлэх хангалттай орон зай байгааг харуулсан юм.

“Одоо ашиглагдаж байгаа чатботууд илүү роботлог шинжтэй, хэдхэн төрлийн асуултуудыг ойлгох түвшинд байгаа. Бид “Чатбот.мн” платформоо англи хэл дэмждэг болгохоор ажиллаж байна. Гол зорилго маань тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл өгөхөөс гадна “Гадаа хүйтэн байна”, “Баяртай байна” гэх зэрэг ердийн ярианд хариулт өгөх чадамжтай, яг л хүн шиг харилцах чадвартай бот хөгжүүлэх юм. Ирэх хоёрдугаар сард бид “Чатбот.мн 2.0” хувилбарынхаа бета хувилбарыг танилцуулахаар төлөвлөсөн. Энэ хувилбар нэвтэрснээр Сингапурын зах зээлд гарах, гаднын хөрөнгө оруулалт татах зэрэг маш олон давуу тал үүснэ” хэмээн “Андууд Лаб”-ын хамтран үүсгэн байгуулагч Ч.Энхчулуун хэллээ. 2020 оны нэгдүгээр улирлаас “Андууд Лаб” бүтээгдэхүүнээ Сингапурт гаргах зорилтдоо түлхүү анхаарч эхлэх бөгөөд Филиппин, Индонез, Малайз зэрэг улсад чатботын зах зээлээ тэлэхээр давхар төлөвлөж байна. Залуус эхний ээлжинд хоёр ч Малайз компанитай хамтран бүтээгдэхүүнээ туршиж үзэхээр тохироод байгаа юм.

“Андууд Лаб”-ынхан бол дотоодоос хөрөнгө оруулалт амжилттай татаж чадсан хамт олон.

Монголд бүртгэлтэй компаниуд оюуны өмчөө хамгаалах, хөрөнгө оруулалт татахад хүндрэлтэй байдгаас шалтгаалж, сүүлийн үед дотоодын компаниуд толгой компаниа АНУ, Сингапур, Хонконгд бүртгүүлэх хандлага нийтлэг ажиглагдах болсон билээ. Erxes, World Plus International, LendMN зэрэг компани үүний тод жишээ. “Андууд Лаб”-ын хувьд ч мөн Сингапурт компаниа бүртгүүлэхээр бэлтгэж байна. “Нэмэлт хөрөнгө оруулалт татах, тухайн улсынхаа ямар нэг компанитай хамтрах гэж байгаа бол аль болох дундын бүсэд компани байгуулах нь оновчтой шийдэл. Хууль эрхзүйн орчин, татварын асуудлаас шалтгаалан компаниуд хилийн чанадад компаниа бүртгүүлэх болсон. Ази бол хурдтай өсөж буй зах зээл. Энэ ч утгаараа Азид бизнесээ өргөжүүлэхээр ажиллаж байгаа барууны компаниуд ч маш их” гэж С.Тэмүүжин энэ талаар тодотгов.

Тэд бол дотоодоос хөрөнгө оруулалт амжилттай татаж чадсан хамт олон. Өнгөрсөн жил “Ард санхүүгийн нэгдэл”-ээс зохион байгуулсан “Хөрөнгө оруулагч үндэстэн” чуулганд альфа спонсороор оролцох үеэрээ тэд “Гүнд инвестмент” хөрөнгө оруулалтын сантай анх холбогджээ. Улмаар тус сангийн дэргэдэх гарааны бизнесийг дэмжиж, бойжуулах зорилготой “Сократус студио” компанитай хэлэлцээр хийж явсаар энэ оны зургадугаар сард эхлэлийн хөрөнгө оруулалт болох 200 мянган ам.долларыг авч чаджээ. Үүгээр ч зогсохгүй байрлан ажиллах оффис болон “Сократус студио”-ын дэргэдэх “Тус солюшн” компанийн санал болгодог системийн шийдэл, гарааны бизнесийг дэмжих төрөл бүрийн зөвлөх үйлчилгээг авах боломж бүрдсэн байна. “Манай компани өсөлт үзүүлж, үр ашигтай, тогтвортой ажиллахад энэхүү систем шийдэл тус нэмэр болж, дотоодод IPO хийх, гаднын зах зээлд гарах, гадаадаас хөрөнгө оруулалт татахад гол дэмжлэг болох болов уу” хэмээн Ч.Энхчулуун ярьж байна. Тодорхой өсөлтөд хүрч, хугарлын цэгээ давбал IPO хийх төлөвлөгөө тэдэнд бий.

Чатботын оргил үе:2016 онд Фэйсбүүк компани программ хөгжүүлэгчдэд зориулан мессенжертээ чатбот ашиглах боломжийг бий болгосон билээ. Үүнээс үүдэн компаниуд өөрийн хуудсандаа чатбот идэвхтэй ашиглаж эхэлсэн байна.  Эхний зургаан сарын дотор гэхэд л дэлхий даяар 30 мянган бот бүтээгдэж, 2017 оны есдүгээр сард 100 мянгад хүрсэн бол 2020 он гэхэд нийт бизнесийн 50 хувь нь чатбот ашиглана гэж судлаачид үзэж байна.

“Гаднын хиймэл оюуны компаниуд яагаад амжилттай байна гэхээр датагаа маш нээлттэй байлгадаг. Тэгэхээр судлаач нь ч, компани нь ч, сонирхож байгаа хүмүүс нь ч тэрхүү нээлттэй датаг хамтран ашиглаж, олноороо дэмжин хөгжүүлдэг. Харин Монголд энэ бүхэн эсрэгээрээ. Энэ нь тухайн компанидаа нэг хэсэг ашигтай байж болох ч, нийтэд нь авч үзвэл давуу тал огт үүсэхгүй л дээ. Бидний хувьд байгууллагын стратеги, үйл ажиллагаа, соёлоо аль болох нээлттэй байлгая гэж ярилцаж байна. Нээлттэй болж байж бусадтайгаа зэрэгцэн хөгжинө” хэмээн М.Эрхэмбаатар хэллээ. Үүнээс гадна бараг л судалгаа, хөгжүүлэлтийн компани шиг ажилладаг нь “Андууд Лаб”-ын бас нэг онцлог. Үнэхээр ч тэд бүтээгдэхүүний судалгаа, хөгжүүлэлтийн ажилдаа нийт зардлынхаа тэн хагасыг зарцуулдаг. Цаашид энэ чиглэлээр МУИС, ШУТИС зэрэг их сургуультай хамтран судалгаа хийх, улмаар судалгаагаа бүтээгдэхүүн болгож, хэрэглээнд нэвтрүүлэхэд голлон анхаарах аж. Тийм ч учраас хиймэл оюуныг өндөр түвшинд хөгжүүлж буй IBM, Google, Microsoft, Baidu зэрэг томоохон компаниудын технологиос тэд суралцаж, өөрсдийн моделийг гаргахаар зорьж байна.

“Одоо ашиглагдаж байгаа чатботууд илүү роботлог шинжтэй, хэдхэн төрлийн асуултуудыг ойлгох түвшинд байгаа. Бидний гол зорилго “Гадаа хүйтэн байна”, “Баяртай байна” гэх зэрэг ердийн ярианд хариулт өгөх чадамжтай, яг л хүн шиг харилцах чадвартай бот хөгжүүлэх юм.

“Андууд Лаб” компанийг үүсгэн байгуулж, хамтдаа технологийн чиглэлээр гарааны бизнес эхлүүлэх санааг М.Эрхэмбаатар анх гаргажээ. Ингээд олон жил бизнес хамтран эрхэлж, бие биеэ сайн таньж мэдэх болсон андууд дахин нэгдсэн нь технологийн дэвшлийг ашиглан олон улсын зах зээлд өрсөлдөж, гадаад, дотоодын бизнес эрхлэгчдийн асуудлыг шийдэх, залгамж залуу үеэ дэмжих алсын хараатай “Андууд Лаб” компани байгуулагдах эхлэл болсон юм.


Хоёрхон жилийн өмнө буюу хиймэл оюун, блокчэйны тухай өнөөдрийнх шиг халуун сэдэв болгон ярьдаггүй байсан тэр үед таван залуу хиймэл оюунд суурилсан ямар бүтээгдэхүүн хөгжүүлвэл тохиромжтой талаар судалж үзэхэд байгууллагуудын хэрэглэгчтэйгээ харилцах хэсэгт ихээхэн асуудал үүсдэг нь тодорхой болсон аж. Эндээс тэд зах зээл байгааг олж харахын зэрэгцээ тун ойрын хугацаанд асар эрэлттэй болж, байгууллага бүр ашиглах нь улам бүр тодорхой болоод буй чатботыг платформ хэлбэрээр дотоодод анх удаа хөгжүүлж танилцуулсан нь  “Чатбот.мн” юм. Энэ бүхэн технологийн салбар асар хурдтай хөгжихийн сацуу хөл нийлүүлээгүй хэнийг ч ардаа орхин урагшилна гэдгийг давхар сануулж буй. Технологийн дэвшил монголчуудыг арын эгнээнээс байр алгасан урагш огцом үсрэхэд нөлөөлж, зөвхөн хэрэглэгч улс бус бүтээгч улс болоход хөтлөх гол гарц юм. Ингэж ирээдүйг төдийгүй хөгжлийг товчлох гол эзэд нь технологийн компаниуд байх нь эргэлзээгүй.