Манай компани Монгол улсаас анх удаа системийн инженерчлэлийн олон улсын зөвлөлийн гишүүнээр элссэн

2023-10-17

Тус солюшн ХХК-ийн үйл ажиллагааны зорилго чиглэл нэрнээсээ эхлээд маш тодорхой. Бид системийн инженерчлэлийн аргачлалд суурилан байгууллагын тогтолцоог системчлэх, дижиталжуулах үйлчилгээ үзүүлдэг Монголын цор ганц байгууллага.

Юун түрүүн байгууллагынхаа түүхийг товч танилцууна уу?

Манай компани 2016 онд байгуулагдаж Системийн инженерчлэлийн үйлчилгээ үзүүлж эхэлсэн ба, 2020 онд "ТУС Д+" ажлын удирдлагын платформыг хөгжүүлж нэвтрүүлэн үйл ажиллагаагаа өргөжүүлсэн. Тус солюшн ХХК-ийн үйл ажиллагааны зорилго чиглэл нэрнээсээ эхлээд маш тодорхой. Бид системийн инженерчлэлийн аргачлалд суурилан байгууллагын тогтолцоог системчлэх, дижиталжуулах үйлчилгээ үзүүлдэг Монголын цор ганц байгууллага.

Одоогийн байдлаар төрөл бүрийн мэргэжил, ажлын дадлага туршлагатай 30 гаруй чадварлаг залуус хамтран үнэ цэнийг бүтээх бизнесийн системийг бий болгох төлөвшүүлэх, дэмжих үйлчилгээгээр тэргүүлэгч компани болохоор зорин ажиллаж байна. Түүнчлэн судалгаа шинжилгээнд суурилсан арга зүйг ажил үйлчилгээнийхээ зарчим болгодог. “Залуу судлаачдыг дэмжих сан” ТББ-тай хамтран нийгэмд тулгамдаж буй асуудлуудыг системийн инженерчлэлийн аргаар судлан загварчлах, төрөл бүрийн макро түвшний судалгааны ажлуудыг тогтмол хийсээр 2018 оноос хойш нийт 20 судалгааны ажлыг гүйцэтгэсэн байна.

Дотоод хамтын ажиллагаанаас гадна гадаад зах зээлд, мөн харилцагч түншүүдийнхээ итгэлцүүрийг бэхжүүлэх өөр ямар чадамжууд бүрдүүлсэн бэ?

Компанийн үйл ажиллагаа, шийдлүүдийг гаднын мэргэжилтнүүдэд таниулах, туршлага солилцох үүднээс 2019 онд Монгол улсаас анх удаа INCOSE /Системийн инженерчлэлийн олон улсын зөвлөл/-ийн гишүүн байгууллагаар элссэн. Мөн “Нийгмийн системийн инженерчлэл”-ийн ажлын хэсэгт орж өөрсдийн боловсруулсан шийдэл, судалгааны ажлуудаа танилцуулан хэлэлцүүлэх, хүлээн зөвшөөрүүлэх ажлуудыг хийж байна. Түүний нэг тод жишээ нь бид INCOSE-той хамтран “Ухаалаг хотын жишиг загвар” боловсруулсан нь INCOSE-ийн албан ёсны бүтээгдэхүүн болохоор хүлээгдэж байна..

Байгууллагын удирдлагын хувьд өөрийнхөө ажлын туршлага, түүхээс хуваалцвал?

Тус солюшн ХХК-ийн толгой компани Гүнд инвестмент групп өмнө нь Монголиан Инвестмент Холдинг нэрээр үйл ажиллагаа явуулдаг байлаа. Тухайн үед манай байгууллага нэлээд асуудлуудтай нүүр тулж группийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж эхэлсэн. Тэр үеэс группийн захирал Д.Жаргалсайхан шийдэл хайж “Системийн сэтгэлгээ” гэдэг бүтээлтэй таарсан байдаг. Тухайн номон дээрх зарчмуудыг амьдрал дээр хэрхэн хэрэглэж, бодит шийдэл болгох вэ гэдэг дээр захиралтай 2014 оноос хойш хамтран ажилласан.

Ингээд 2016 онд “Энэ нь зөвхөн манай компанийн асуудлыг шийдээд зогсохгүй өөр байгууллагуудын асуудлыг шийдвэрлэхэд үнэ цэнэ бүтээх шийдэл мөн байна” гэсэн дүгнэлтэд хүрч 2016 онд ТУС солюшн компанийг байгуулж, хөгжүүлээд явж байна.

Та бүхний бусад байгууллагуудад бүтээж өгч буй үнэ цэнэ нь стартап компаниудад хөрөнгө оруулах, тэднийг бойжуулах, системийн инженерчлэлийн аргачлалуудыг суурилуулж, оношлогоо, үнэлгээний арга зүйгээр хангах үйлчилгээ гэж ойлголоо. Өнгөрсөн жилүүдийн туршлагаасаа дүгнэвэл гарааны компаниудад тулгамддаг түгээмэл асуудлууд юу байдаг вэ?

Харилцагч үйлчлүүлэгчдээс түгээмэл ажиглагддаг алдааг энгийнээр тайлбарлавал та байшин барихаар зорихдоо байшингийнхаа зургийг гаргаагүй байх жишээтэй. Стартапуудад маш гоё амбиц, мөрөөдөл, зорилго байдаг. Гэтэл тухайн зорилгоо хэрэгжүүлэх тогтолцоогоо бүрдүүлээгүй байгаа нь бүтэлгүйтлийн эхний том шалтгаан болдог. Нөгөөтэйгүүр тогтолцоо бүрдүүлээд явж буй захирлууд зөвхөн өөрийнхөө толгойд тэр тогтолцоог зураглачихаад, бусад оролцогч талуудтайгаа түүнийгээ хуваалцаагүй, нэгдсэн ойлголтыг бий болгож чадаагүй байдаг. Улмаар тухайн байгууллагын оролцогч талууд нэг зорилгын төлөө нэг баг, нэг систем болон хамтарч ажиллаж чаддаггүй.

Тэгвэл танай үйлчилгээг авснаар захирлын мөрөөдөл төсөөлөл цаасан дээр бууж хэлбэржих, хэлбэржсэн үйл ажиллагаа эргэлтэд орохыг систем бүрдүүлэх гэж ойлгож болох уу?

Тийм ээ. Бид үүсгэн байгуулагчийн толгойд байгаа гоё санааг байгууллагын тогтолцоог удирдах менежментийн загвар болгож хувиргахдаа хоёр арга замаар ажилладаг. Эхнийх нь: Байгууллагын тогтолцоог бүрдүүлж буй оюуны шийдлүүд буюу дүрэм журмыг цэгцлэх, бодлогын баримт бичигт шингээх, ажлын урсгалуудыг уялдаа холбоотой нэгдсэн менежменттэй болгож өгөх. Нөгөөх нь: Тэрхүү гаргасан шийдлээ дижиталжуулах.

Үүнийг дэлгэрүүлбэл?

Бид “Тус Д+” платформыг нэврүүлж, хөгжүүлээд явж байна. Тухайн платформ дээр байгууллагын тогтолцоог угсрахаас эхлээд үйл ажиллагааны үе шат бүрийг ямар нэгэн код бичихгүйгээр дижиталжуулж болж байгаа. Ингэснээр ногоо тарьдаг компаниас авахуулаад, автомашин үйлдвэрлэгч, зөвлөх үйлчилгээ үзүүлдэг байгууллага аль нь байхаас үл хамаарч ямар ч байгууллагын үйл ажиллагааг цэгцтэй, системтэйгээр дижиталжуулж болдог тэр үйлчилгээг харилцагчиддаа санал болгодог. Аливаа гарааны бизнес эрхлэгч хэн бүхэнд хүрэх цэг, зорилго байгаа. Тэгвэл бид машиныг нь бэлдэж байна. Санаагаа авч ирээд машинаа унаад явахад бэлэн гэсэн үг.

Өнгөрсөн хугацаанд танай байгууллагын санал болгож буй загвар шийдлийг ашигласан хэдэн компани хөл дээрээ бат зогссон бол. Мөн эхлэх цэгээс ямар хугацаанд амжилт, сэтгэл ханамжаа мэдэрч байна вэ?

Янз бүрийн түвшинд оношлогоо хийлгэсэн, тогтолцоог нэвтрүүлсэн, дижитал шийдлийг ашиглаж үзсэн ойролцоогоор 70-80 компани байгаа. Бүтэн тогтолцоо нэвтрүүлсэн байгууллагуудын хувьд богино хугацаанд үр дүн гарна гэж харахаас илүү урт хугацааны үр дүнг чухалчилдаг. Учир нь бидний үйлчилгээ өөрөө өөрийгөө засч сайжруулж, улам төгөлдөржүүлдэг тогтолцоог бий болгодог.

Тиймээс хагас жилийн дотор борлуулалтын орлого ингэж өслөө гэхээс илүү 1-3 жил болоход жил жилээр бүтээж буй үнэ цэн нь нэмэгддэг. Жишээлбэл, анх 2016 оноос хойш бидэнтэй зэрэг энэ загвар руу шилжиж тогтолцоогоо бүрдүүлсэн компаниудын хувьд өнөөдөр үнэ цэнийг нь илүү ойлгож байх жишээтэй. Явц дундаа өөрчлөлтүүд гарч, тэр нь илүү үнэ цэнээр амжилтыг нь бататгаж байна.

Өөрөөр хэлбэл компани өөрөө өөрсдийнхөө үйл ажиллагаанд нийцсэн хөгжүүлэлт сайжруулалтыг бидний суурилуулж өгсөн систем дээр хийж дадсан. Богино хугацааны үр дүнг авч үзвэл систем ажиллаж эхлэхэд байгууллагын ажилтан тус бүрийн хүлээх үүрэг тодорхой, эргээд амжилт ололт, үр дүнг хэмжиж чаддаг, байгууллага зорилгоо хэрэгжүүлж чадаж байгаа эсэх, эсвэл хаана доголдож байгаагаа оношлож болдог зэрэг чанарын үр дүн шууд гарч харагддаг. Нэгээс хоёр жилийн дотор зардлын бүтээмж, хөрөнгийн бүтээмж , хөдөлмөрийн бүтээмж нь нэмэгдээд явж байгаа.

Стартапуудыг бүтэлгүйтэлд хүргэж байгаа гол шалтгаануудыг хэлсэн. Тэгвэл үүнийг бууруулахын тулд яах ёстой вэ? Танай бүтээгдэхүүн үйлчилгээг авсан харилцагч талаас ямар хичээл зүтгэл шаардагддаг вэ?

Харилцагч тал бүтээгдэхүүн үйлчилгээг маань “шидтэй шийдэл” гэж харахаас илүү “багаж хэрэгсэл” гэж харах хэрэгтэй. Тэр багаж хэрэгслийг хэрхэн ашиглаж байгаагаас үр дүн хамаардаг. Манай багаж хэрэгсэл таны хийж буй үйлдлийг илүү цэгцтэй, хурдтай, үр дүнтэй болгоно. Стартапуудын маань зорилго эхлэх цэгээсээ зөв байвал систем түүнийг илүү хурдтай болгож өгдөг. Энэ өнцгөөс харвал их үр дүнтэй л дээ. Мөн манай үйлчлүүлэгчид өөрсдийгөө системийн оролцогч тал гэдгээ маш сайн ойлгож ухамсарлах хэрэгтэй болдог. Яагаад гэвэл тулгамдаж буй асуудлаа бидэнд даатгах биш байгууллагынхаа системийг хамтдаа хөгжүүлж явах тогтолцоотой. Тиймээс захиалагч маань өөрийн байгууллагаа системийн оролцогч тал гэж харахгүй бол хөгжихгүй.

Монголчууд бидний нүүдлийн соёл иргэншлийн онцлог байж магадгүй аливаа асуудлыг багаар шийднэ гэхээс илүү бие даан шийдвэрлэх гэж оролддог дадал зуршилтай. Харин таны ярианаас хамтын ажиллагаа чухал гэдгийг ойлголоо?

Тийм ээ, Монгол хүний аливаа хайрцагт баригддаггүй задгай сэтгэдэг онцлогт тохирсон түүнийг нь зохицуулах, зөв чиглүүлэх шийдэл манай системд агуулагддаг. Түүний нэг нь Чилийн Эдийн засагч Артур Манфред
Макс Неефийн тодорхойлсон “Хүний суурь хэрэгцээний матриц” юм. Энэ нь монгол хүн байна уу, герман хүн байна уу, англи хүн байна уу гэдгээс үл хамаараад хүн бүрийн суурь хэрэгцээг цэгцтэй, системтэйгээр ангилж, тодорхойлж өгсөн байдаг.

Ийнхүү оролцогч тал бүрийн хэрэгцээг тухайн тогтолцооны зорилго болоод урамшуулал, хариуцлагын шийдлүүдтэй уялдуулсанаар үр дүнтэй нэгдмэл зорилгын төлөө нэг баг болж ажиллах суурь бүрддэг. Мөн бид Монгол хүний тэр задгай сэтгэлгээний давуу талыг хязгаарлахаас илүүтэйгээр яаж цэгцтэй сэтгэх вэ гэдэгт нь анхаарч ажилладаг.

Тиймээс бид цэгцтэй сэтгэлгээний дагуу зорилго тодорхойлохоос эхлээд мэдээлэл цуглуулж боловсруулах, дүгнэлт гаргах, ажиллах хувилбарууд сонгох, шийдвэрээ гаргахдаа ямар дарааллаар хийж гүйцэтгэх вэ гэдэг сэтгэлгээний процесс дээр олон шийдллийг санал болгодог. 

Бизнесийн талбарт танайхтай адил үйл ажиллагаа эрхэлдэг, өрсөлдөгч компани хэр олон байна?

Одоогоор манайхаас өөр Системийн инженерчлэл нэртэй үйл ажиллагаа явуулдаг компани Монголд байхгүй байх. Манай компанийн дүрэм болон гэрчилгээнд “Системийн инженерчлэлийн үйлчилгээ үзүүлнэ” гэж тодоос тод тусгасан байдаг. Харин менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг, процессийн инженеринг хийдэг, ISO стандартуудыг нэвтрүүлдэг, програм хөгжүүлдэг байгууллагууд цөөнгүй байгаа. Манай ажил, үйлчилгээ эдгээртэй харьцуулахад байгууллагын асуудлыг цогцоор нь харж, тэдгээрийн уялдаа холбоог нь тусгасан нь цогц шийдлийг санал болгодогоороо онцлогтой.

Стартапууд танайхтай хэрхэн холбоо тогтоох вэ. Хамтран ажиллах байгууллагадаа тавьдаг шалгуур үзүүлэлт байдаг уу?

Өмнө нь стартапууд манай байгууллага дээр ирж оношилгоо хийлгээд дараа нь бид системийг засах ажил руу ордог байсан бол одоо дижитал шийдэл нэвтрүүлсний үр дүнд үйлчилгээний хүртээмж тэлж байна. Стартапууд системийн зарчмуудыг нарийн мэдэхгүй ч манай дижитал платформыг ашиглан байгууллагаа дижитал хэлбэрээр өөрөө угсарч, системжүүлж үзэх боломж нээлттэй. Та www.tuss.io вэб сайт руу орж, бүртгүүлэх хэсэгт холбогдон манай платформыг шууд ашиглах боломжтой бөгөөд энэхүү платформыг ашигласнаар системийн суурь зарчмуудыг аяндаа хэрэгжүүлдэг тогтолцоог бий болгох боломжтой.


Хөрөнгө оруулалтыг татах, бусдад туслах хоёр үндсэн зорилго танай компанид байна. Хөрөнгө оруулагчдад ямар ашгийг санал болгодог вэ?

Бидний хувьд хөрөнгө оруулагчдад богино хугацааны өндөр өсөлтөөс илүү тогтвортой өсөлттэй, өөрөө өөрийгөө оношилж, төгөлдөржүүлж чаддаг, бүх оролцогч талдаа харилцан үнэ цэнэ бүтээдэг тэр системийг бий болгох замаар үнэ цэн бүтээж байна.